2025.01.13 - 2025.01.17

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Хэрэв чамд мотиваци хэрэгтэй бол түүнийг бүү хий."

- Элон Маск

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 51,674.98 нэгжид хүрч 0.10 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 1-р сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах; Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 13 хувь болон 18 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. 
  3. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 31.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 7.0 (28.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 29.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.3 (27.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 онд 30.4 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 776.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого 2024 онд 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 (27.4%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 3.3 (57.5%) их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 1.1 (22.8%) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 749.2 (19.0%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 327.0 (22.3%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 308.1 (39.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Өнгөрөгч 7 хоногт санхүүгийн салбарын томоохон компаниудын 2024 оны 4-р улирлын тайлан зах зээлийн анхаарлыг ихээр татлаа. JPMorgan Chase, Goldman Sachs, Citigroup гэх мэт санхүүгийн салбарын тэргүүлэх компаниудын 4-р улирлын ашигт ажиллагаа шинжээчдийн хүлээлтийг давснаар зах зээлийн өсөлтөд нөлөөллөө. Өнгөрөгч 7 хоногт S&P 500 индекс 2.91 хувь, NASDAQ Composite индекс 3.69 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. АНУ-ын 12-р сарын суурь инфляцын түвшин 3.3 хувиас 3.2 хувь болж бууралттай гарлаа. Инфляцын түвшний мэдээ нь Холбооны нөөцийн сангийн 1 сарын 28-29-д болох мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад хүчтэй нөлөө үзүүлэхгүй төлөвтэй байна. Бидний хувьд төв банкийг тус хурлаар бодлогын хүүг өөрчлөлтгүй буюу хэвээр үлдээнэ гэх хүлээлттэй байна.
  3. АНУ-ын 12-р сарын жижиглэн худалдааны борлуулалт сарын өмнөх үеэс 0.4 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь өнгөрсөн сарын өсөлтөөс 2 дахин их үзүүлэлт юм.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Инфляцын түвшний мэдээлэл болон төв банк бодлогын хүүгээ бууруулах магадлал өндөр байгаа нь өнгөрөгч 7 хоногт Европын хувьцаанууд өсөлттэй байхад голлон нөлөөллөө. Тодруулбал, Europe 600 индекс 2.37 хувь, FTSE 100 индекс 3.11 хувийн тус тус өсөлттэй байлаа.
  2. 2024 оны 12-р сарын Их Британийн инфляцын түвшин 2.6 хувиас 2.5 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Суурь инфляцын түвшин 3.5 хувиас 3.2 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Инфляцын түвшин бууралттай гарсныг харгалзан үзвэл 2025 оны 2-р сард болох хурлаар Английн төв банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байна.
  3. Европын төв банкны бодлого тодорхойлогчид хүүгийн хэмжээг болгоомжтой, аажмаар бууруулах шаардлагатай гэж төв банкны 12-р сарын мөнгөний бодлогын хурал дээр онцолсон билээ. Тус хуралдаанаар хүүгийн хэмжээг 3 дахь удаагаа дараалан бууруулсан юм. Бидний хувд 1-р сард болох дараагийн хурлаар хүүг дахин 0.25 хувиар бууруулж, 2.75 хувьд хүргэнэ гэж таамаглаж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсын төв банкны бодлого тодорхойлогчид 1 сарын 23-24-д болох ээлжит мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг өсгөх магадлал өндөр байна. Тус хүлээлттэй холбоотогоор Япон улсын хувьцааны зах зээл уналттай байлаа. Nikkei 225 индекс 1.89 хувь, TOPIX индекс 1.28 хувийн тус тус уналттай хаагдлаа. 
  2. Япон улсын Сангийн сайд иений ханшийн огцом сулрал үргэлжилбэл хэт их хөдөлгөөний эсрэг зохих арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Хамгийн сүүлд Японы бодлого тодорхойлогчид иений ханшийг чангаруулахын тулд гадаад валютын зах зээлд 2024 оны 7-р сард интервенц хийсэн юм.
  3. Япон улсын төв банк болон төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда нар бодлогын хүүг чангатгах чиглэлээ хадгалсан хэвээр байна. АНУ-ын тариф болон төсвийн бодлоготой холбоотой асуудлууд нь Япон улсын төв банкны цааш цаашдын шийдвэр гаргалтад тодорхойгүй байдлыг үүсгэж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.31 хувь, CSI 300 индекс 2.14 хувийн тус тус өсмөлттэй хаагдлаа.
  2. БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгийг дэмжих олон арга хэмжээ явуулсан нь амжилтад хүрч тус улсын эдийн засаг нь 2024 оны 4-р улиралд жилийн өмнөх үеэс 5.4 хувь өссөн нь үзүүлэлттэй гарлаа. Гэсэн хэдий ч тус улсын хувьд АНУ-ын шинэ ерөнхийлөгч Трампын импортын бараа бүтээгдэхүүнд тавихаар хүлээгдэж буй их хэмжээний гаалийн татварын нөлөөнөөс үүдэн 2025 онд эдийн засгийн өсөлт нь саарах хүлээлттэй байна. ДНБ-ний өсөлтийн мэдээллийн дараа БНХАУ-ын хувьцааны зах зээл бага зэрэг өсөлт үзүүллээ. Цар тахлын үед уналтад ороод байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтворжиж эхэлсэн ч жилийн хөрөнгө оруулалт дүнгээр харвал дунджаар 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. АНУ бодлогоос үүсэх худалдааны маргаан болон дотоодын эрэлт сул байгаа нь тус улсын хувьд 2025 оны хамгийн том сорилт болох төлөвтэй байна.
  3. БНХАУ-ын эдийн засгийн мэдээнүүдээс дурдвал, Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 12-р сард жилийн өмнөхөөс 6.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт жилийн дүнгээр 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. 12-р сарын ажилгүйдлийн түвшин 5.1 хувь гарлаа.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.11 хувиас 6.94 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.69 хувь байна. 


Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.36 хувиас 10.50 хувийн хооронд арилжаалагдаж байна. 


Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

ХУВЬЦААТ КОМПАНИЙН  МЭДЭЭ

Монголын хөрөнгийн биржийн I-р ангилалд бүртгэлтэй Хаан Банк ХК /KHAN/ 2024 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.


Тус компани нь 2024 оны тайлант жилд 2,553.7 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 24.4 хувь, 638.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 14.3 хувь тус тус өссөн үзүүлэлт боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ДӨЛГӨӨН ТОМИЛОГДЛОО 

 2025.01.17


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №2 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаярыг чөлөөлж, Б.Дөлгөөнийг томиллоо.


Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

 2025.01.13


"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 


2024 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 17 компани хэвээр үлдэж, “Сэндли БСББ” ХК, “Монос хүнс” ХК, “Газар шим үйлдвэр" ХК-иуд хасагдаж, шинээр “Хас банк” ХК, “Ард санхүүгийн нэгдэл" ХК, "Лэндмн ББСБ” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ. 


Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт /Дилер/


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261